2025.01.20 - 2025.01.24

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Амжилт бол үргэлж хөгжиж байх үйл явц юм. Энэ нь зорилгодоо хүрэх тухай биш бөгөөд харин тогтмол сайжирч, хил хязгаарыг даван туулах тухай юм."

- Женсен Хуан

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 51,936.31 нэгжид хүрч 0.51 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. 2019 оноос 2024 оны хооронд системийн нөлөө бүхий 5 банкны цэвэр ашиг жилд дунджаар 40.1 хувиар өссөн байна. Үүнд “Хаан банк” ХК жилд дунджаар 27.2 хувийн өсөлт үзүүлж 638.5 тэрбум төгрөг, “Голомт банк” ХК 90.3 хувийн өсөлтийг үзүүлж 406.7 тэрбум төгрөг “Худалдаа хөгжлийн банк” ХК 36.1 хувийн өсөлт үзүүлж 300.1 тэрбум төгрөг, “Хас банк” ХК 81.6 хувийн өсөлт үзүүлж 170.9 тэрбум төгрөг, “Төрийн банк” ХК 39.7 хувийн өсөлт үзүүлж 108.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай тус тус ажилласан байна.
  3. Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 12-р сард улсын хэмжээнд 9.0 хувь, Улаанбаатар хотод 9.1 хувь гарсан билээ. Ийнхүү инфляцын түвшин зорилтот түвшнийг давахад тог цахилгаан, мах, импортын барааны үнэ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ өндөр өсөлттэй байна. Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийг дагасан дам нөлөө, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ногдол ашгийн хуваарилалт, төсвийн зардлын үргэлжилсэн тэлэлт зэрэг хүчин зүйлсийн нөлөө нь инфляцын түвшнийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын Засгийн газрын татварын шинэчилсэн бодлогын өөдрөг хүлээлт болон хиймэл оюун ухааны дэд бүтэц, дата төвүүд барихад зориулагдах их хэмжээний хөрөнгө оруулалтын мэдээ нь АНУ-ын зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байхад голлон нөлөөллөө. S&P 500 индекс 1.74 хувь, NASDAQ Composite индекс 1.65 хувь, DJIA индекс 2.15 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын худалдааны бодлогын хувьд Канад, Мексикээс импортлох бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ирэх 2-р сараас эхлэн тогтоохоо амлалаа. Тэрээр татварын шинэчилсэн бодлогыг зөвшөөрөлгүй цагаачлал болон хар тамхины наймаатай холбон тайлбарлалаа. Мөн БНХАУ худалдаанд 10 хувийн татвар тогтоох талаар дурдлаа. Дэлхийн хамгийн том эдийн засагтай 2 улсын хооронд худалдааны дайн үүсэх эрсдэлтэй байсан бол ийнхүү 2 улсын хоорондох худалдааны татвар бага хувиар тогтох төлөвтэй байгаа нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж байна.
  3. Ерөнхийлөгч Дональд Трамп "АНУ-ыг хиймэл оюун ухааны дэлхийн төв болгоно" гэсэн тушаалд гарын үсэг зурсан билээ. Мягмар гарагт Ерөнхийлөгч Трамп нь Softbank, OpenAI, Oracle, болон хөрөнгө оруулалтын MGX компанийн хамтарсан Stargate төслийг зарлалаа. Тус төсөл АНУ-д хиймэл оюун ухааны дэд бүтэц, дата төвүүд барихад 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах ажээ.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбоонд татвар ногдуулах шинэчилсэн бодлогын талаар ярьсан боловч тодорхой алхам хийсэнгүй. Худалдааны бодлогын гэнэтийн шийдвэр гараагүй нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Europe 600 индекс 1.23 хувь өссөн бол FTSE 100 индекс бага хэмжээний өөрчлөлттэй байлаа.
  2. Европын төв банкны бодлого тодорхойлогчид хүүгийн хэмжээг болгоомжтой, аажмаар бууруулах шаардлагатай гэж төв банкны 12-р сарын мөнгөний бодлогын хурал дээр онцолсон билээ.  Бидний хувд 1-р сарын 29-30-д болох дараагийн хурлаар хүүг дахин 0.25 хувиар бууруулж, 2.75 хувьд хүргэнэ гэж таамаглаж байна.
  3. Их Британийн хөдөлмөрийн зах зээлд бонусыг хасаж тооцсон цалингийн өсөлт 2024 оны 11-р сард 5.6 хувь гарлаа. 2024 оны 11-р сарын ажилгүйдлийн түвшин өсөж 4.4 хувьд хүрсэн үзүүлэлттэй гарлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа хүлээн авсныхаа дараа худалдааны татварын бодлогыг шууд шинэчлээгүй нь зах зээлийн өсөлтөд нөлөөллөө. Тодруулбал, Nikkei 225 индекс 3.85 хувь, TOPIX индекс 2.67 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. 
  2. Япон улсын төв банк ээлжит мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөж 0.5 хувьд хүргэлээ. Энэ нь тус төв банкны сүүлийн 1 жилд 3 дахь удаагаа хүүгийн түвшнийг өсгөж байгаа тохиолдол бөгөөд 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр хүүгийн түвшин болж байна. 
  3. 2024 оны 12-р сарын Япон улсын суурь инфляцын түвшин 2.7 хувиас өсөж 3.0 хувьд хүрсэн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь төв банкны зорилтот 2.0 хувийн инфляцын түвшнийг давсан үзүүлэлт юм.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Ерөнхийлөгч Дональд Трамп нь АНУ-ын худалдааны шинэчилсэн бодлогын хувьд 10 хувийн татвар тогтоох талаар дурдсан нь зөөлөн байр суурьтай байх өндөр магадлалтай байгааг илтгэж хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.33 хувь, CSI 300 индекс 0.54 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
  2. БНХАУ-ын Ардын банк 1 болон 5 жилийн хугацаатай зээлийн үндсэн хүүгээ 3.1 хувь болон 3.6 хувийн түвшинд хэвээр үлдлээ. 2024 оны 10-р сард эдийн засгийг сэргээхийн тулд зээлийн үндсэн хүүг 25 суурь нэгжээр бууруулсан билээ. Ингэснээр 3 сар дараалан хүүгийн түвшнийг хэвээр үлдээсэн үзүүлэлттэй байна.
  3. БНХАУ-ын 16 - 24 насны (сурагчдыг хасаж тооцсон) ажилгүйдлийн түвшин 2024 оны 12-р сарын байдлаар 16.1 хувиас 15.7 хувьд хүрч буурлаа. 

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.11 хувиас 6.94 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.69 хувь байна. 


Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.36 хувиас 10.50 хувийн хооронд арилжаалагдаж байна. 


Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Дэлгэрэнгүй

ХУВЬЦААТ КОМПАНИЙН  МЭДЭЭ

Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй Худалдаа Хөгжлийн Банк ХК /TDB/ 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.


Тус компани нь 2024 оны тайлант жилд 1,064.3 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 39.2 хувь, 300.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 98.5 хувь тус тус өссөн үзүүлэлт боллоо.

Олон Улсын зах зээлд арилжаалагдаж буй Монгол Улсын Засгийн газрын "ХҮННҮ" MONGOL 8.65 01/19/28 бондын ээлжит купон амжилттай төлөгдлөө.🎉

Олон Улсын зах зээлд арилжаалагдаж буй “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн MGMTGE 11.5 01/18/27 бондын ээлжит купон амжилттай төлөгдлөө.🎉

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 2025.01.22


“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэтгэлийн танхимд /2025-01-22/ "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг зохион байгууллаа. 


Дэлгэрэнгүй

“БОГД БАНК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХЭЛБЭРЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 2025.01.20


Санхүүгийн зохицуулах хороо нь “Богд банк” ХК-ийн хувьцаа эзэмшигч бүрийг хуралд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус компанийн ээлжит бус хурлыг танхим, цахим хосолсон хэлбэрээр хуралдахыг 2025 оны 01-р сарын 08-ны өдрийн №3/82 албан бичгээр үүрэг болгосон байна.


Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт /Дилер/


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261